БНХАУ-ын ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАЛААРХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Тодорхойлолт
- Төрийн зөвлөлийн төрийн өмчит эд хөрөнгийн хяналт удирдлагын байнгын хорооны санал
Өнөөдрийг хүртэл Төрийн зөвлөлийн төрийн өмчит эд хөрөнгийн хяналт удирдлагын байнгын хорооноос төрийн өмчит компани, аж ахуйн нэгж хэмээх нэр томьёонд нэгдсэн байдлаар тодорхойлолт хийгээгүй байна. Харин тэдгээрийн “төрийн өмчит аж ауйхн нэгж (ААН)” хэмээх хандлага нь байнгын хорооноос хөрөнгө оруулалт хийсэн ААН-ийн бүхий л хөрөнгөнд хяналт тавих хэмжээний хувьцаа эзэмших, үнэмлэхүй хяналт тавих хувьцаа эзэмших эсхүл үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий компанид үнэмлэхүй хяналт тавих хувьцаа эзэмшигч байх нь “төрийн өмчит ААН” хэмээх байр суурийг тодорхойлох стандарт болдог байна.
2. Сангийн яамны санал
Төрийн өмчит аж ААН-ийг хүлээн зөвшөөрөх тухай холбогдох саналын талаар 9 дүгээр бичгийн дагуу сангийн салбар нь голчлон санхүүгийн бодлогын дагуу ААН-ийн санхүүгийн үйлдлийг зохицуулдаг. Харин ААН-ийн өмчийн тогтолцооны шинжээр ангилдаггүй байна. Тухайлбал, Сангийн яамны 41 дүгээр тогтоолоор баталсан “Аж ахуйн нэгжийн санхүүгийн журам”-ын дагуу бүхийн л ААН-ийн санхүүгийн тогтолцоо нь салбарын талаасаа байдаг бөгөөд өмчийн тогтолцооны талаас байдаггүй, мөн ААН-ийн төрлийн асуудалд ч сангийн тоон баримт болон статистикийн цуглуулгын ажил байдаг. Иймд сангийн ажилд хамаарах ААН-ийн төрлийг Эрүүгийн хуульд заасан “төрийн өмчит компани, аж ахуйн нэгж” гэдгийг нарийвчлан тайлбарлах үндэслэл болгоход амаргүй байдаг.
Сангийн яамны 2003 оны Төрийн өмчит ААН-ийг хүлээн зөвшөөрөх тухай холбогдох саналын талаарх 9 дүгээр бичгийн 3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу ААН-ийн хяналтын тогтолцооноос үзэхэд, төрийн өмчит компани, ААН нь төрийн өмчит холдинг компанийг мөн багтаасан бөгөөд үүний дундаас төрийн өмч нь 50 хувиас дээш буюу үнэмлэхүй холдинг ААН, төрийн эзэмшиж буй хувьцаа нь үнэмлэхүй хяналтын байр суурьтай байх тохиолдолд мөн төрийн өмчит компани, ААН-ийн хүрээнд хамаарна.
3. Үндэсний статистикийн газрын санал
2003 оны 44 дүгээр дугаартай Үндэсний статистикийн газрын төрийн өмчит компанийг тодорхойлох саналын бичгийн дагуу Үндэсний статистикийн газар төрийн өмчит ААН гэдэг нь өргөн утга, явцуу утгатай гэж ангилна хэмээн үздэг.
Өргөн утгаараа, төрийн өмчит ААН гэдэг нь төрийн хөрөнгийн оролцоотой ААН бөгөөд 3 шатлалд хувааж болно:
• цэвэр төрийн өмчит ААН;
• төрийн өмчит холдинг ААН (хяналт тавьж болох хэмжээний хувьцаа эзэмшдэг);
• төрийн өмчийн оролцоотой (ердийн хувьцаа эзэмшигч) ААН.
Төрийн өмчит холдинг ААН (хяналт тавьж болох хэмжээний хувьцаа эзэмшдэг) нь (1)үнэмлэхүй холдинг ААН болон (2)харьцангуй холдинг ААН хэмээх 2 төрлийг багтаадаг.
Төрийн өмчит үнэмлэхүй холдинг ААН гэж ААН-ийн нийт хөрөнгийн 50 хувиас дээш хэмжээний хөрөнгө нь төрийн хөрөнгө байх ААН юм.
Төрийн өмчит харьцангуй холдинг ААН гэж ААН-ийн нийт хөрөнгийн 50 хувь хүрэхгүй хэмжээний хөрөнгө нь төрийн хөрөнгө байна, гэхдээ түүний. эдийн засгийн оролцоо бусад хөрөнгө эзэмшгчийн хэмжээтэй харьцуулахад нь их байдаг, эсхүл бусад эдийн засгийн оролцоо нь их биш боловч хэлцэлд заасны дагуу төр бодит хяналтын эрхтэй ААН-ийг хэлнэ.
Явцуу утгаараа төрийн өмчит ААН гэдэг нь зөвхөн цэвэр төрийн өмчит ААН.
Цэвэр төрийн өмчит ААН-д дараах 3 төрөл багтдаг бөгөөд ААН-ийн хөрөнгө нь бүгд төрийн өмч байдаг:
• төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН;
• төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани;
• төрийн өмчит хамтарсан ААН.
Одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид “төрийн өмчит ААН”-ийг тодорхойлсон байдал
Төрийн өмчит ААН хэмээх ойлголтыг ойролцоогоор 8 хууль тогтоомжид тайлбарлан тодорхойлсон байдаг байна. Тухайлбал,
1. “Аж ахуйн нэгжийн төрийн өмчийн хөрөнгийн тухай хууль” -д (2009) “төрийн өмчит аж ахуйн нэгж” хэмээх нэр томьёог хэрэглэлгүй “улсын төсөвт аж ахуйн нэгж” гэж томьёолсон байна. Аж ахуйн нэгжийн төрийн өмчийн хөрөнгийн тухай хуульд зааснаар төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэдэг нь төрийн хөрөнгө оруулсан төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН, төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани, төрийн өмчит холдинг компани, төрийн өмчит хөрөнгийн оролцоотой компанийг хэлнэ.
2. Хятадын Сангийн яамны 2017 оны 24 дугаар мэдэгдлээр баталсан Төрийн өмчит аж ахуйн нэгж гадаадад хөрөнгө оруулалт хийх санхүүгийн зохицуулах журмын 2 дугаар зүйлд “Төрийн өмчит ААН гэж Төрийн зөвлөл болон орон нутгийн захиргаа тус тусдаа төрийг төлөөлөн хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэдэг төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН, төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани, төрийн өмчит холдинг компани юм. Мөн үүнд төв болон орон нутгийн төрийн өмчийн эд хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага болон тухайн шатны бусад салбарыг хянадаг ААН болон түүний удаах шатлал бүрт хөрөнгө оруулалт хийж байгуулагдсан ААН багтдаг” хэмээн зохицуулсан.
3. Аж ахуйн нэгжийн төрийн өмчийн хөрөнгийн хяналт, удирдлагын тухай түр журам (2019 оны нэмэлт, өөрчлөлт)-ын 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “Төрийн зөвлөл, муж, өөртөө засах орон, төвийн шууд харьяа хот, дүүрэгт хуваагдсан хот, автономит мужуудын ардын Засгийн газар хөрөнгө оруулагчдын үүргийг гүйцэтгэх нь хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж гэж нэрлэнэ” хэмээн заасан.
Дээрхээс үзэхэд, БНХАУ-ын одоо дагаж мөрдөж байгаа хууль тогтоомжид Төрийн өмчит ААН гэдэг нэгдсэн тодорхойлолтыг томьёолоогүй байна. Практикт, эдийн засгийн үйл ажиллагаа болон төслийн шаардлагын дагуу тохирох хууль тогтоомжийн дагуу тарийн өмчит ААН-ийг тодорхойлон холбогдох зохицуулалтыг хэрэглэх эсэхийг тодорхойлдог байна.
Эдгээр олон хууль тогтоомж, баримт бичиг, практикийн үр дүнд хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших эрхийн бүтцийн талаас Хятадын төрийн өмчит ААН-ийг дараах төрлөөр ангилж болохоор байна.
Төрийн өмчит компанийн төрөл
1. ААН болон компанийн ялгаа
(1)Аж ахуйн нэгж
Хятад улсад одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжоор ААН хэмээх нэр томьёоны тодорхойлолт байдаггүй байна. Харин БНХАУ-ын ААН хуулийн этгээдийн. (企业法人) бүртгэлийг зохицуулах журмын 2 дугаар зүйлд: “Дараах хуулийн этгээдийн нөхцөлийг хангасан ААН энэ журмын дагуу ААН хуулийн этгээдийг бүртгэнэ: (1) Бүх ардын өмчит ААН; (2) Хамтын өмчлөлд байгаа аж ахуйн нэгж; (3) Хамтарсан ААН; (4)БНХАУ-ын нутаг дэвсгэрт байгуулагдсан Хятад-гадаадын хувь нийлүүлсэн үйл ажиллагаа эрхлэх ААН, Хятад-гадаадын хамтарсан ААН болон гадаадын хөрөнгө оруулалттай ААН; (5) Хувийн хэвшлийн ААН (6) Хуулийн дагуу ААН хуулийн этгээдээрбүртгүүлэх шаардлагатай бусад ААН”. Үүнээс үзэхэд, ААН гэдэгт эдгээр төрлийн ААН багтдаг гэж үзэж болохоор байна.
(2)Компани
Компанийн тухай хуулийн 2 болон 3 дугаар зүйлд Компани гэж Хятадын хил дотор байгуулагдсан ХХК болон хувьцаат хязгаарлагдмал компанийг хэлнэ.
2. Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН
(1)Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН (Энэ хэсэгт “ААН” гэх) гэдэг нь аж ахуйн нэгжийн бүхий л хөрөнгө бүх ардын өмчлөлд байдаг, төр нь өмчлөх эрх болон захиран зарцуулах эрхийн хүрээнд тус ААН-ийн үйл ажиллагааг удирдан зохицуулдаг, хуулийн дагуу хуулийн этгээдийн эрхийг олж авдаг, бие даан үйл ажиллагаа эрхэлдэг, бие даан ашиг орлогыг хариуцдаг, бие даасан нягтлан бодох бүртгэлтэй, төрөөс эд хөрөнгийг удирдан зохицуулах эрх олгон иргэний хариуцлага хүлээдэг, төрийн олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагааг удирдах чиглэлээр хөрөнгийг эзэмших, ашиглах, хуулийн дагуу ашиглах эрхтэй аж ахуйн нэгж юм.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН нь ААН хуулийн этгээдийн бүртгэлийг зохицуулах журмын дагуу бүртгэгдсэн компанийн тогтолцоогүй эдийн засгийн байгууллага бөгөөд үүнд ХХК-д хамаардаг Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани хамаардаггүй. Практикт төрийн өмчит ААН гэдэг нь бүх ардын өмчит үйлдвэрийн ААН-ийг хэлдэг. Тус ААН нь БНХАУ-ын Бүх ардын өмчит үйлдвэрийн ААН-ийн тухай хуулиар (1988 онд батлагдан 2009 онд нэмэлт өөрчлөлт орсон) зохицуулагддаг байна. Энэ хуулийг бүх ардын өмчит тээвэр, шуудан, геологийн хайгуул, барилга угсралт, бизнес, гадаад худалдаа, материал, хөдөө аж ахуйн, ойн аж ахуй, усны чиглэлийн ААН-д хэрэглэнэ.
Тус хуульд заасны дагуу Бүх ардын өмчит үйлдвэрийн ААН-ийн үүрэг бол улсын төлөвлөгөө болон зах зээлийн шаардлагын дагуу барааны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, баялаг бүтээх, хуримтлалыг нэмэгдүүлэх, нийгмийн өдрөөс өдөрт нэмэгдэж буй материаллаг болон соёлын амьдралын шаардлагыг хангах.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН нь компанийн тогтолцоотой байдаггүй тул хувьцаа эзэмшигч хэмээх ойлголт байдаггүй.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох асуудлыг эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулах ёстой. Эрх бүхий байгууллага нь төриын өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН-ийн хөрөнгө оруулагчийг хэлдэг.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН-ийг Засгийн газрын яам, байгууллагууд санхүүжүүлж, байгуулдаг тул хөрөнгө оруулагч нь Засгийн газрын яам, байгууллагууд байдаг.
Төрийн өмчит ААН-ийг байгуулахад тавигдах шаардлага
АНН-ийг байгуулахад заавал хууль болон Төрийн зөвлөлийн зохицуулалтын дагуу Засгийн газар эсхүл Засгийн газрын эрх бүхий байгууллагад хянан батлуулахаар тайлагнана. Худалдаа, аж үйлдвэрийн захиргааны удирдлагын газар хянан бүртгэж үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ олгосноор ААН хуулийн этгээдийн эрхтэй болдог. ААН нь бүртгэгдсэн үйл ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлнэ.
ААН-д тавигдах шаардлага
. (1) Бүтээгдэхүүн нь нийгэмд шаардлагатай байх;
. (2) Эрчим хүч, түүхий эд, тээвэрлэлт хийхэд шаардлагатай нөхцөлтэй байх;
. (3) Өөрийн гэсэн нэртэй, үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх байртай байх;
. (4) төрөөс тогтоосон хөрөнгөнд нийцэх;
. (5) Өөрийн гэсэн байгууллагын зохион байгуулалттай байх;
. (6) үйл ажиллагааны тодорхой цар хүрээтэй байх;
. (7) Хууль тогтоомжид заасан бусад нөхцөл.
ААН-ийн нэгтгэх, хуваах асуудал
ААН-ийн нэгтгэх, хуваах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газар эсхүл Засгийн газрын эрх бүхий байгууллагаас зөвшөөрлийг авна.
ААН-ийн үйл ажиллагааг дуусгах
ААН-ийн үйл ажиллагааг дараах шалтгаанаар дуусгавар болгоно:
. (1) Хууль тогтоомж зөрчсөн бол хүчингүй болгох тушаалаар;
. (2) Засгийн газрын эрх бүхий байгууллага нь хууль тогтоомжийн дагуу татан буулгах шийдвэр гаргасан;
. (3) Хуулийн дагуу дампуурлаа зарласан;
. (4) Бусад шалтгаанууд.
ААН нэгтгэх, хуваах, үйл ажиллагааг дуусгах тохиолдолд эрх, үүргийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.
ААН нэгтгэх, хуваах, үйл ажиллагааг дуусгах, үйл ажиллагааны хүрээ зэрэг бүртгэл хийлгэх зүйлүүдийг заавал Худалдаа, аж үйлдвэрийн захиргааны удирдлагын газарт хянан бүртгүүлнэ.
ААН-ийн эрх, үүрэг
. (1) Улсын төлөвлөгөөний удирдамжийн дагуу ААН нь нийгэмд шаардагдах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах эсхүл нийгэмд үйлчилгээ үзүүлэх эрхтэй.
. (2) Төрийн зөвлөлөөс өөрөөр заагаагүй бол ААН өөрсдөө бүтээгдэхүүнээ борлуулах эрхтэй.
Албадан төлөвлөгөө хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж төлөвлөгөөнөөс гадуур гарсан бүтээгдэхүүн, төлөвлөгөөнд хуваагдсан бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй.
. (3) Аж ахуйн нэгж нь ханган нийлүүлэгчийг өөрөө сонгох, үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг худалдан авах эрхтэй.
(4) Төрийн зөвлөлийн Үнийн хяналтын хэлтэс, холбогдох эрх бүхий байгууллагууд үнийг хянахаас бусад тохиолдолд ААН бүтээгдэхүүний үнэ, ажиллах хүчний үнийг бие даан тогтоох эрхтэй
(5) Төрийн зөвлөлийн журмын дагуу ААН нь гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах эрхтэй.
ААН Төрийн зөвлөлийн журмын дагуу ногдох хувийн валютын орлогоо татан авч, ашиглах эрхтэй.
(6) ААН Төрийн зөвлөлийн журмын дагуу хуримтлагдсан хөрөнгийг ашиглах эрхтэй.
(7) ААН Төрийн зөвлөлийн журмын дагуу төрөөс ашиглалт, менежментийн чиглэлээр олгосон үндсэн хөрөнгийг түрээслэх буюу төлбөрт шилжүүлэх эрхтэй бөгөөд орлогыг тоног төхөөрөмжийн шинэчлэлт, технологийн өөрчлөлтөд ашиглах ёстой.
(8) ААН нь өөрийн нөхцөл байдалд тохирсон цалингийн хэлбэр, шагнал урамшууллыг хуваарилах аргыг тодорхойлох эрхтэй.
(9) ААН хууль тогтоомж болон Төрийн зөвлөлийн журмын дагуу аж ахуйн нэгжүүд ажилтан ажилд авах, халах эрхтэй.
(10) ААН зохион байгуулалт, орон тоогоо шийдэх эрхтэй.
(11) Аливаа агентлаг, байгууллага аж ахуйн нэгжид ажиллах хүч, материаллаг нөөц, санхүүгийн эх үүсвэрийг хувь тэнцүүлэн хуваарилахаас татгалзах эрхтэй. Хууль тогтоомж, журамд өөрөөр зааснаас бусад тохиолдолд аливаа агентлаг, байгууллага ААН-ээс хүний нөөц, материаллаг ба санхүүгийн эх үүсвэрийг ямар нэгэн байдлаар хангахыг шаардсан нь бүгд хувь тэнцүүлэн хуваарилахад хамаарна
(12) ААН хууль, Төрийн зөвлөлийн журмын дагуу бусад аж ахуйн нэгж, байгууллагатай холбоо тогтоох, бусад аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгө оруулах, бусад аж ахуйн нэгжид хувьцаа эзэмших эрхтэй.
(13) Төрийн зөвлөлийн журмын дагуу аж ахуйн нэгжүүд бонд гаргах эрхтэй.
(14) ААН хуулийн дагуу байгуулсан гэрээг заавал гүйцэтгэх үүрэгтэй.
(15) ААН үндсэн хөрөнгийн хэвийн засвар үйлчилгээг баталгаажуулах, тоног төхөөрөмжийг сайжруулах, шинэчлэх ёстой.
(16) ААН мужийн санхүү, хөдөлмөрийн хөлс, үнийн менежментийн журмыг дагаж мөрдөж, санхүү, аудит, хөдөлмөрийн хөлс, үнийн менежментийн байгууллагуудын хяналтыг хүлээн авах ёстой.
(17) ААН бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний чанарыг баталгаажуулж, хэрэглэгч, хэрэглэгчийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
(18) ААН хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эрчим хүч, түүхий эдийг хэмнэж, зардлыг бууруулахыг хичээх ёстой.
(19) ААН аюулгүй байдлын ажлаа бэхжүүлж, үйлдвэрлэлийн дэг журам сахиулж, төрйин өмчөө хамгаалах ёстой.
(20) ААН аюулгүй үйлдвэрлэлийн системийг хэрэгжүүлж, ажлын нөхцлийг сайжруулж, хөдөлмөр хамгаалал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр сайн ажиллаж, аюулгүй, соёлтой үйлдвэрлэл эрхлэх ёстой.
(21) ААН ажиллагсдынхаа чанарыг сайжруулахын тулд үзэл суртлын болон улс төрийн боловсрол, хууль эрх зүйн боловсрол, үндэсний батлан хамгаалахын боловсрол, шинжлэх ухаан, соёлын боловсрол, техникийн болон мэргэжлийн сургалтыг бэхжүүлэх ёстой.
(22) ААН шинжлэх ухааны судалгаа, шинэ бүтээл, бүтээл, технологийн шинэчлэл, оновчтой санал, социалист хөдөлмөрийн өрсөлдөөний ажилд ажилчдаа дэмжиж урамшуулна.
Үйлдвэрийн даргад/захиралд холбогдох зохицуулалт
ААН нь Үйлдвэрийн даргын хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд үйлдвэрийн дарга хуулийн дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж хуулиар хамгаалагдана.
Үйлдвэрийн даргын томилгоо
Төрийн зөвлөлийн журамд өөрөөр зааснаас бусад тохиолдолд үйлдвэрийн даргыг Засгийн газрын эрх бүхий байгууллага ААН-ийн нөхцөл байдлын дагуу үйлдвэрийн даргыг дараах 2 аргаар томилно:
(1) Засгийн газрын эрх бүхий байгууллагаас томилох эсхүл ажилд авах;
(2) ААН-ийн ажилчдын төлөөлөгчдийн их хурлын сонгуулиар.
Үйлдвэрийн даргыг Засгийн газрын эрх бүхий байгууллагаас томилох эсхүл ажилд авах тохиолдолд ажилчдын төлөөлөгчдийн саналыг заавал авна. ААН-ийн ажилчдын төлөөлөгчдийн их хурлын сонгуулиар сонгогдсон үйлдвэрийн дарга Засгийн газрын эрх бүхий байгууллагаас заавал мэдэгдэж зөвшөөрөл авна. Засгийн газрын эрх бүхий байгууллагаас сонгогдсон эсхүл ажилд авсан үйлдвэрийн даргыг Засгийн газрын эрх бүхий байгууллагаас үүргээс чөлөөлөх эсхүл ажлаас халах тохиолдолд. ажилчдын төлөөлөгчдийн саналыг заавал авна. ААН-ийн ажилчдын төлөөлөгчдийн их хурлын сонгуулиар сонгогдсон үйлдвэрийн даргыг ажлаас чөлөөлөх бол Засгийн газрын эрх бүхий байгууллагаас заавал мэдэгдэж заавал зөвшөөрөл авна.
Үйлдвэрийн даргын бүрэн эрх
Үйлдвэрийн дарга нь ААН-ийн хууль ёсны төлөөлөгч. ААН гэдэг нь үйлдвэрийн даргаар удирдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагааны менежментийн систем юм. Үйлдвэрийн дарга нь ААН-ийн гол байр суурийг эзэлдэг бөгөөд аж ахуйн нэгжийн материаллаг соёлын бүтээн байгуулалт, оюун санааны соёлын бүтээн байгуулалт бий болгох ажлыг бүхэлд нь хариуцдаг.
Үйлдвэрийн дарга нь дараах бүрэн эрхтэй:
(1) Хууль болон Төрийн зөвлөлийн журмын дагуу ААН-ийн янз бүрийн төлөвлөгөөг шийдвэрлэж, хянуулж батлуулахаар хүргүүлнэ.
(2) ААН-ийн захиргааны байгууллага байгуулах шийдвэр гаргах.
(3) Хууль болон Төрийн зөвлөлд өөрөөр заагаагүй бол, үйлдвэрийн түвшний захиргааны орлогч дарга нарыг томилох, чөлөөлөх, ажлаас халахыг төрийн эрх бүхий байгууллагаас хүсэх.
(4) Хуульд өөрөөр заагаагүй бол ААН-ийн дунд шатны захиргааны удирдах ажилтан томилох, ажилд авах, ажлаас халах.
(5) Цалин зохицуулах төлөвлөгөө, шагнал урамшууллын хуваарилалт, чухал дүрэм, журмуудын тогтолцоог дэвшүүлж, ажилчдын их хуралд танилцуулж, зөвшөөрүүлэх. Халамжийн санг ашиглах болон ажилчдын халамжтай холбоотой бусад томоохон асуудлаар санал дэвшүүлж, ажилчдын төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
(6) Ажилчдыг хуулийн дагуу шагнах, шийтгэх; Үйлдвэрийн түвшний орлогч дарга нарыг шагнаж, шийтгэхийг эрх бүхий төрийн албанаас хүсэх.
Үйлдвэрийн дарга нь хуульд заасан үүргээ гүйцэтгэхдээ заавал нийт ажилчдад найдан ажиллах, ажилчдын төлөөлөгчдийн их хурлыг, үйлдвэрчний эвлэл болон бусад олон нийтийн байгууллагын ажлыг дэмжих, ажилчдын төлөөлөгчдийн их хурлаас хуулийн дагуу гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх.
ААН нь Үйлдвэрийн дарга том шийдвэр гаргахад туслах үүднээс менежментийн хороо байгуулах эсхүл өөр хэлбэрийг хэрэглэж болно. Менежментийн хороо нь ААН-ийн тал бүрийн хариуцсан ажилтан болон ажилчдын төлөөлөгчдөөс бүрдэнэ. Үйлдвэрийн дарга менежментийн хорооны дарга байна.
Томоохон асуудалд дараах зүйл багтана:
(1) Үйл ажиллагааны бодлого төлөвлөлт, урт хугацааны төлөвлөгөө, жилийн төлөвлөгөө, суурь барилгын ажлын төлөвлөгөө, технологийн томоохон өөрчлөлтийн төлөвлөгөө, ажилчдын сургалтын төлөвлөгөө, цалингийн тохируулгын төлөвлөгөө, хуримтлагдсан хөрөнгийн хуваарилалт, ашиглалтын төлөвлөгөө, худалдан авалт болон түрээсийн үйл ажиллагааны хариуцлагын тогтолцооны төлөвлөгөө.
(2) Зөвшөөрөгдсөн зардалд (allowable cost) цалин багтдаг ААН-ийн ажилчдын орон тоо болон захиргааны байгууллагыг байгуулах, тохируулах.
(3) Чухал дүрэм журмыг боловсруулах, өөрчлөх, хүчингүй болгох төлөвлөгөө боловсруулах.
Дээрх томоохон асуудлуудын хэлэлцүүлгийн төлөвлөгөөг бүгдийг нь үйлдвэрийн дарга санал болгодог.
Ажилтан болон ажилчдын төлөөлөгчдийн их хурал
Ажилтан ААН-ийн ардчилсан менежментэд оролцох эрхтэй. ААН-ийн үйлдвэрлэл, болон ажилд санаа, санал дэвшүүлэх эрхтэй. Ажилтан нь хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн аюулгүй байдал, хөдөлмөрийн даатгалын хамгаалалтыг эдлэх эрхтэй. Амрах, чөлөө авах эрхтэй. Төрийн байгууллагад бодит байдлыг илэрхийлэх, удирдлагыг шүүмжлэх болон мэдэгдэх эрхтэй. Эмэгтэй ажилтан хууль тогтоомжийн дагуу онцгой хөдөлмөрийн хамгаалалт болон хөдөлмөрийн даатгалыг эдлэх эрхтэй.
Ажилчдын төлөөлөгчдийн их хурлын бүрэн эрх
Ажилчдын төлөөлөгчдийн их хурлын бүрэн эрх нь БНХАУ-ын Бүх ардын өмчит үйлдвэрийн ААН-ийн тухай хуулийн 48–53 дугаар зүйлээр зохицуулагддаг.
Засгийн газар болон ААН-ийн харилцаа
Засгийн газрын холбогдох байгууллагууд улсын зах зээлийг зохицуулах, зах зээл ААН-ийг удирдан чиглүүлэх зорилгын дагуу ААН-д үйлчилгээ үзүүлэх, мөн өөрсдийн чиг үүргийн дагуу, хууль тогтоомжийн дагуу, ААН-д менежмент болон хяналтыг хэрэгжүүлнэ
(1) Аж үйлдвэрийн бодлогыг боловсруулах, тохируулах, аж ахуйн нэгжүүдийг хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад чиглүүлэх.
(2) ААН-ийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргахад зөвлөгөө, мэдээлэл өгөх.
(3) ААН болон бусад нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулах.
(4)ААН-ийн үйлдвэрлэлийн хэвийн дэг журмыг сахиж, ААНийн үйл ажиллагааны төрийн хөрөнгийн халдлагаас хамгаалах.
(5) ААН-тэй холбоотой нийтийн байгууламжуудыг шат дараатай сайжруулах.
ААН байрлаж буй мужийн түвшнээс дээш орон нутгийн засаг захиргаа орон нутгийн төлөвлөгөө удирддаг материаллаг нөөцөөс ААН-д шаардлагатайг өгөх, ААН болон тухай газрын байгууллага нэгжүүдийн хоорондын холбоог зохицуулж, ААН-тэй холбоотой нийгмийн халамжийн ажлыг хичээнгүйлэн хийх.
Аливаа байгууллага, нэгж нь хуулийн дагуу ААН-ийн эзэмшдэг бизнесийн удирдлагын бие даасан байдалд халдах ёсгүй; хүн хүч, материаллаг ба санхүүгийн эх үүсвэрийг аж ахуйн нэгжид хувь тэнцүүлэн хуваарилах ёсгүй; ААН-ийн байгууллага байгуулахыг, мөн байгууллагын орон тоог тогтоохыг шаардахыг хориглоно.
(2)Онцгой/тусгай хуулийн этгээдийн аж ахуйн нэгж (Special legal person enterprise)
Онцгой хуулийн этгээд аж ахуйн нэгж нь Засгийн газраас бүх хөрөнгө гарган, улсаас тусгай хууль тогтоомж болон бодлого батлан зохицуулдаг, компанийн тухай хуулиар зохицуулагддаггүй төрийн өмчит аж ахуйн нэгж юм. Энэ төрлийн төрийн өмчит ААН нь нийтийн төлөө гэх албадлагын шинжтэй, эдийн засгийн зорилгогүй, өөрөөр хэлбэл нийтийн үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий ААН юм. Тухайлбал, хил хамгаалах тоног төхөөрөмж, хотын нийтийн тээвэр, хотын ногоон байгууламж, усны нөөц зэрэг үйл ажиллагаа нь энэ төрлийн аж ахуйн нэгжид багтдаг. Онцгой хуулийн этгээдийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд төрөөс санхүүгийн татаас үзүүлэх шаардлагатай болдог.
Онцгой хуулийн этгээдийн аж ахуйн нэгж нь тусгай хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, тусгай хуулиар зохицуулагдан, тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, бизнес арилжааны чиглэлийн бүртгэл хийлгэдэггүй, байгууллагын бүтэц нь тусгай хуулиар зохицуулагддаг аж ахуйн нэгж юм. Үйл ажиллагааны хувьд, бие даасан тайлан нягтлан бодох бүртгэлтэй байдаг боловч ашиг, алдагдалд хариуцлага хүлээдэггүй, харин төрөөс санхүүжиж үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг, хэрэв алдагдалтай ажиллавал төрөөс татаас олгож ажилладаг. Засгийн газраас хууль тогтоомжийн дагуу түүнд холбогдох бараа, бүтээгдэхүүний үнэд хяналт тавьдаг.
3.Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани. гэдэг нь төрөөс бүх хөрөнгийг гарган, Төрийн зөвлөл эсхүл орон нутгийн Засгийн газар тухайн шатны ардын Засгийн газрын төрийн өмчийн хяналт удирдлагын байгууллагад хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгэх эрх олгосон хязгаарлагдмал хувьцаат компани юм. Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийн харилцаа Компанийн тухай хуулиар зохицуулагддаг.
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани нь нийгмийн болон олон нийтийн зорилгыг тэргүүн ээлжид тавьж, эдийн засгийн зорилго нь хоёрдугаарт ордог. Ийм аж ахуйн нэгжүүд нь ихэвчлэн төмөр зам, цоргоны ус, байгалийн хий, цахилгаан эрчим хүч, нисэх онгоцны буудал зэрэг зүй ёсны монополь болон нөөцийн аж ахуйн нэгжүүд байдаг. Эдийн засгийн үүднээс авч үзвэл ийм аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдээс илүү их ашиг олохыг эрэлхийлэхээс илүүтэйгээр нийгмийн халамжийг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд ажилладаг.
Компанийн дүрмийг хэн батлах вэ?
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийн дүрмийг төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага батална, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлөөс боловсруулан төрийн өмчийн эл хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага баталдаг.
Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани хувьцаа эзэмшигчдийн хурал байгуулахгүй, харин төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг.
Төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага компанийн ТУЗ-д хувьцаа эзэмшигчийн зарим эрхийг олгож, мөн том асуудлыг шийдэх эрхийг олгож болно. Гэхдээ компанийг нэгтгэх, хуваах, тусгаарлах, бүртгэлийн хөрөнгийг нэмэгдүүлэх, бууруулах эсхүл компанийн үнэт цаас гаргахыг төрийн өмчийн эд хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага шийддэг. Тэдгээрийн дотроос чухал төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийг нэгтгэх, хуваах, тусгаарлах, дампуурах хүсэлт гаргахад төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага хянан шалгалт хийсний дараа тухайн шатны ардын Засгийн газрын тайлагнан батлуулна. Чухал төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийг Төрийн зөвлөл тогтооно.
Төлөлөн удирдах зөвлөлийн хурлын чиг үүрэг, бүрэн эрх
Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ТУЗ-ийн хэрэгжүүлэх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.
(1)Компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хөрөнгө оруулалтын төслийг шийдвэрлэх;
(2)Компанийн жилийн санхүүгийн төсвийн төлөвлөгөө, эцсийн дансны төлөвлөгөөг боловсруулах;
(3)Компанийн ашиг хуваарилах төлөвлөгөө, алдагдлыг нөхөх төлөвлөгөөг боловсруулах;
(4)Компанийн бүртгэлтэй хөрөнгийг нэмэгдүүлэх, бууруулах, компанийн үнэт цаас гаргах төлөвлөгөөг боловсруулах;
(5)Компанийг нэгтгэх, хуваах, тусгаарлах, компанийн хэлбэрийг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах;
(6)Компанийн дотоод менежментийн байгууллагыг байгуулах шийдвэр гаргах;
(7)Компанийн менежерүүдийг томилох, чөлөөлөх, тэдний цалин хөлсийг шийдвэрлэж, менежерийг нэр дэвшүүлсний үндсэн дээр компанийн дэд менежер, санхүүгийн ажилтныг томилох, чөлөөлөх, цалин хөлс олгох шийдвэр гаргах;
(9) Компанийн үндсэн менежментийн системийг томъёолох;
(10) Компанийн дүрэмд заасан бусад чиг үүрэг, бүрэн эрх.
ТУЗ-ийн бүрэн эрхийн хугацаа
ТУЗ-ийн бүрэн эрхийн. хугацаа гурван жилээс хэтрэхгүй байна.
ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлага
ТУЗ-ийн гишүүнд компанийн ажилчдын төлөлөл орно.
ТУЗ-ийн гишүүнийг төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллагаас томилно. Гэхдээ ТУЗ-ийн гишүүн дундах ажилчдын төлөөллийг компанийн ажилчдын төлөөлөх их хурлаар сонгоно.
ТУЗ нь нэг ТУЗ-ийн даргатай байна. ТУЗ-ийн дэд даргатай байж болно. ТУЗ-ийн дарга, дэд даргыг төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллагаас ТУЗ-ийн гишүүд дундаас томилно.
Менежерийн чир үүрэг, бүрэн эрх
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани нь менежертэй байх бөгөөд ТУЗ-өөс томилж, чөлөөлнө. Төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгуллагын зөвшөөрлийн дагуу ТУЗ-ийн гишүүн менежерийн үүргийг хавсран гүйцэтгэж болно.
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежерт олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
(1) Компанийн үйлдвэрлэл, ашиглалт, менежментийг удирдан, ТУЗ-ийн тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
(2) Компанийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зохион байгуулж хэрэгжүүлэх;
(3) Компанийн дотоод менежментийн байгууллага байгуулах төлөвлөгөөний төсөл боловсруулах;
(4) Компанийн үндсэн менежментийн тогтолцоог боловсруулах;
(5) Компанийн тодорхой дүрмийг боловсруулах;
(6) Компанийн орлогч менежер, санхүүгийн ажилтныг томилох, чөлөөлөх санал гаргах;
(7) ТУЗ-ийн шийдвэрээс бусад удирдах ажилтныг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах;
(8) Төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон бусад бүрэн эрх.
Хэрэв компанийн дүрэмд менежерийн чиг үүрэг, бүрэн эрхийг өөрөөр заасан бол тус заалтыг заалтыг дагаж мөрдөнө.
Менежер ТУЗ-ийн хуралд оролцох эрхтэй.
Дээд шатны албан тушаалтан давхар ажил эрхлэхийг хориглодог эсэх
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийн ТУЗ-ийн дарга, ТУЗ-ийн дэд дарга, захирлууд, дээд шатны удирдах албан тушаалтнууд төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгуллагын зөвшөөрөлгүйгээр бусад ХХК, хувьцаат хязгаарлагдмал компани, эсхүл бусад эдийн засгийн байгууллагад давхар ажил эрхийг хориглоно.
Хяналтын зөвлөлийн хурал
Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийн хяналтын зөвлөлийн хурлын гишүүн 5-аас багагүй байх бөгөөд үүнд ажилчдын төлөөллийн харьцаа 1/3 -ээс доошгүй байна. Тодорхой харьцааг компанийн дүрмээр тодорхойлно. Хяналтын зөвлөлийн гишүүдийг төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллага томилох бөгөөд ажилчдын төлөөллийг ажилчдын төлөөллийн их хурлаар сонгоно. Хяналтын зөвлөлийн даргыг төрийн өмчийн хөрөнгийн хяналт удирдлагын байгууллагаас хяналтын зөвлөлийн гишүүд дундаас томилно.
Хяналтын зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрх
ХХК-ийн хяналтын зөвлөлийн зарим чиг үүрэг, бүрэн эрхтэй адил болно, Үүнд:
(1) Компанийн санхүүг шалгах;
(2) захирлууд болон дээд шатны удирдах албан тушаалтнууд компанийн үүргийн гүйцэтгэлд хяналт тавих,
(3)хууль тогтоомж, захиргааны дүрэм, журам, компанийн дүрмийг зөрчсөн захирлууд болон дээд шатны удирдах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөхийг санал болгох;
(4) Захирлууд болон дээд шатны удирдах албан тушаалтнуудsy үйлдэл нь компанийн ашиг сонирхолд хохирол учруулсан тохиолдолд залруулга хийхийг. шаардах;
4. Цэвэр төрийн өмчит ААН
Засгийн газрын хэлтэс, эрх бүхий байгууллага, нийтийн институт (public institution) хөрөнгө гарган байгуулсан төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан ААН (компани) зэрэг нь шууд болон шууд бусаар дангаар эсхүл хамтран хөрөнгө гарган 100%-ийг эзэмшиж байвал цэвэр төрийн өмчит ААН гэж үзнэ.
Онцлог
(1) 100 хувь төрийн өмчлөлд байдаг аж ахуйн нэгж.
(2) Хөрөнгө оруулагч этгээд этгээд буюу хувьцаа эзэмшигч нь Засгийн газрын хэлтэс, эрх бүхий байгууллага, нийтийн институт, бүх ардын өмчит үйлдвэрийн ААН, төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компани болон тэдгээрийн 100 хувийн эзэмшлийн охин компаниуд.
(3) Хөрөнгө оруулалтын хувьд, нэг этгээд. эсхүл олон этгээд хамтран хөрөнгө оруулж болно.
(4) Хөрөнгө оруулагч нь шууд болон шууд бусаар хувьцаа эзэмшиж болно. Тухайлбал Засгийн газрын хэлтэс нь өөрийн эзэмшлийн төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компаниараа дамжуулан цэвэр төрийн өмчит компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байж болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын онцлог
Хятадын компанийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу 2 -оос дээш төрийн өмчит ААН эсхүл 2-оос дээш бусад хөрөнгө оруулагч субьект байгуулсан ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын гишүүнд компанийн ажилчдын төлөөлөгч гишүүн байна гэж заасан.
Иймд цэвэр төрийн өмчит ААН 2-оос дээш төрийн өмчит ААН эсхүл бусад төрийн өмчит хөрөнгө оруулагч субьектийн байгуулсан цэвэр төрийн өмчит ААН хувьцаа эзэмшигчдийн хурлын гишүүнд компанийн ажилчдын төлөөлөгч гишүүнтэй байдаг байна.
5.Төрийн өмчит холдинг ААН/компани (хяналт тавьж болох хэмжээний хувьцаа эзэмшдэг)
Төрийн өмчит холдинг ААН/компани нь Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. (Төрийн өмчит дангаар хөрөнгө оруулсан компанийн хэсгийг үзнэ үү)
Явцуу утгаараа, төрийн өмчит холдинг ААН гэж Засгийн газрын хэлтэс, эрх бүхий байгууллага, нийтийн институт (public institution) дангаараа эсхүл хамтран хөрөнгө гарган эзэмшиж буй хөрөнгө(хувьцаа)-ийн харьцаа нь 50%-иас дээш байх бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигч буюу шийдвэр гаргах хэмжээний ААН-ийг хэлдэг. Үүнд харьцангуй холдинг ААН багтдаггүй байна.
Өргөн утгаараа, төрийн өмчит холдинг ААН гэж ААН-ийн нийт хөрөнгийн төрийн өмчийн хөрөнгө/харьцангуй их хувьцаа эзэмшдэг бөгөөд бодит хяналтыг төр тавьдаг ААН юм. Үүнд үнэмлэхүй холдинг болон харьцангуй холдинг ААН багтана. Үнэмлэхүй холдинг ААН гэж явцуу утгын төрийн өмчит холдинг ААН юм.
Төрийн өмчит холдинг компани нь цэвэр хэлбэрийн холдинг компани болон холимог хэлбэрийн гэж ангилдаг.
Цэвэр хэлбэрийн холдинг компани гэж шууд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэггүй, харин бусад ААН-д хяналт тавьдаг компани юм.
Төрийн өмчит холдинг компаниуд нь ерөнхийдөө төрийн өмчит холдинг компани, төрийн хөрөнгө оруулалттай компани, төрийн өмчит томоохон групп холдинг компани, бүс нутгийн төрийн өмчийн оролцоотой компаниудыг багтаадаг.
Энэ төрлийн аж ахуйн нэгж нь нийтийн зорилго, эдийн засгийн зорилгын аль алиныг нь агуулдаг бөгөөд эдийн засгийн зорилгоор нийтийн зорилгыг дэмжин ажилладаг. Ийм ААН нь үндсэндээ зүй ёсны монополь, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх тулгуур үйлдвэрүүд, тухайлбал электроник, автомашин, анагаах ухаан, нисэх онгоцны буудал зэрэг юм.
Ийм аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг шууд үзүүлдэггүй, харин шууд бус хэлбэрээр төрийн санхүүд ногдол ашиг, урамшуулал олгох замаар төрийн үйлчилгээг үзүүлдэг. Хэрэв онцгой нөхцөл байдлын улмаас ийм аж ахуйн нэгжүүд төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүй болбол үүнээс учирсан хохирлыг улсын санхүүжилтээр нөхөн олговор төлнө. Талууд тохиролцсоноос бусад тохиолдолд, нөхөн олговор төлсний дараа ногдол ашиг, урамшуулал олгохоо зогсоож болохгүй.
6. Төрийн өмчийн оролцоотой (ердийн хувьцаа эзэмшигч) ААН
Төрийн өмчийн оролцоотой ААН гэдэг нь Засгийн газрын оролцоотой компани гэж хэлж болно.
Төрийн өмчийн хөрөнгийн оролцоотой ААН гэдэг нь ААН-ийн нийт хөрөнгийн дундаас төрийн өмчид хамаарах хэмжээ нь харьцангуй бага, төрийн өмч нь компанид бодит хяналт тавих боломжгүй байдаг ААН юм. Төрийн өмчит ААН бус Засгийн газар нь ердийн хувьцаа эзэмшигч байдаг. Компанийн тухай хуулиар зохицуулагддаг. Энэ төрлийн ААН нь ердийн өрсөлдөөний журмаар ажилладаг компанитай адил юм. Нийтийн ашгийн зорилготой ажиллах албадлагын шинжгүй, эдийн засгийн зорилго нь чухал байдаг ААН юм. Хэрэв нийтийн төлөө үйл ажиллагаа хийж байвал энэ нь тухай ААН нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй хэрэг байдаг. Засгийн газрын оролцоотой байгаа нь төрийн эдийн засгийг хүчирхэгжүүлэх гэсэн зорилготой байдаг. Түүнчлэн, энэ төрлийн ААН-д төрөөс ямар ч нэмэлт үүрэг ногдуулдаггүй.
Эрүүгийн хууль дахь төрийн өмчит ААН-д холбогдох зарим заалт
Эрүүгийн ялын төрлийн, нэмэлт ялд Улс төрийн эрхийг хасах ялд дараах эрхийг хасна:Төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, байгууллага, ардын байгууллагад удирдах албан тушаал хаших эрх.
Дараах үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээдэг байна. Үүнд:
• Төрийн өмчит компани, ААН-ийн захирал, менежер хууль бусаар ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн,
• Төрийн өмчит компани, ААН, нийтийн институтын ажилтан тухайн байгууллагын ашигтай үйл ажиллагааг өөрийн хамаатан, найзаараа явуулуулах, илт зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийж, илт зах зээлийн үнээс доогуур үнээр барааг хамаатан, найздаа борлуулах, өөрийн хамаатан, найзын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас чанарын шаардлага хангаагүй бараа худалдан авч үндэсний эрх ашгийг хохироосон
• Төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, байгууллагыг шууд хариуцаж ажилладаг удирдах албан тушаалтнууд гэрээ байгуулж, гүйцэтгэх явцад ноцтой хариуцлагагүй хандаж, үндэсний эрх ашгийг хохироосон
• Төрийн өмчит компани, аж ахуйн нэгжийн ажилтнууд ноцтой шалтгаанаар хариуцлагагүй байдал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан төрийн өмчит компани, аж ахуйн нэгжийг дампууруулах, эсхүл үндэсний ашиг сонирхолд томоохон хохирол учруулсан
• Төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, эсвэл тэдгээрийн эрх бүхий дээд байгууллагыг шууд хариуцаж ажилладаг этгээд хувийн эрх, ашгийн төлөө, төрийн өмчийн хөрөнгийг хувьцааг хямд үнээр зарах, .ндэсний ашиг сонирхолд их хэмжээний хохирол учруулсан.